Мэдээ мэдээлэл

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ БАТЛАГДЛАА: ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД БА ХЭРЭГЖИХ ХУГАЦАА

УИХ-ын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа. Уг шинэчлэл нь эдийн засгийн өсөлтийг 0.7 хувиар дэмжих хүлээлттэй байгаа бөгөөд гол нэмэлт, өөрчлөлтүүд нь 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

1. Татварын ерөнхий хууль: Татвар төлөгчид ирэх дарамтыг бууруулна

  • Дансны битүүмжлэл: Татварын өртэй татвар төлөгчийн дансыг бүтэн битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг дансанд нь үлдээхээр боллоо.
  • Тайлан залруулах хугацаа: Татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлсэн.
  • Алданги, торгууль: Алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд болон маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгууль нэхэмжлэхгүй байх зохицуулалт орсон.
  • НӨАТ-ын уян хатан нөхцөл: Гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд НӨАТ-ыг шууд төлдөг байсныг өөрчилж, бараагаа зарсны дараа төлөх боломжийг бүрдүүлж байна.

2. Хувь хүний орлогын албан татвар (ХХАОТ): Бага, дунд орлоготой иргэдийг дэмжинэ

  • Татварын чөлөөлөлт: 792 мянган төгрөг хүртэлх орлогоос татвар авахгүй (2027 оны 1 дүгээр сарын 1-нээс).
  • Шинэ шатлал: 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна (2028 оны 1 дүгээр сарын 1-нээс). Тухайлбал, 2 сая төгрөгийн цалинтай иргэний татвар 200 мянгаас 12 мянган төгрөг болж буурна.
  • Жижиг бизнес эрхлэгчид: Жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалттай иргэн орлогынхоо 1 хувиар татвар төлнө.
  • Орон сууцны чөлөөлөлт: Иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулбал татвараас бүрэн чөлөөлөгдөнө.

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ): Бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг

  • 1 хувийн татварын босго: 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгож босгыг нэмэгдүүллээ.
  • Шинэ шатлал: 6-10 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдэд 15 хувиар татвар төлөх дундын шатлалыг нэмсэн.

4. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ): Бүртгэлийн босгыг 8 дахин нэмэв

  • НӨАТ-ын босго: НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босго 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлэв.
  • Төлбөрийн хугацаа: Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнээс хамаарч НӨАТ-ын төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой боллоо

Author

admin admin

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *